Monday, August 22, 2016

Глаукома буюу нүдний даралт ихсэх өвчин




Глаукома гэдэг нь харааны мэдрэл гэмтэж, асар богино хугацаанд нүдний хараанд нөлөөлж, улмаар эмчилгээ хийхгүй бол хараагүй болгодог хүнд эмгэг юм. Бүх тохиолдолд биш ч гэлээ эмгэг жам нь голдуу нүдний дотор талын шингэний даралт ихэссэнтэй холбоотой. Гэхдээ л нүдний даралт ихсэх нь дөнгөж үүсч буй глаукомаг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Янз бүрийн хүчин зүйлээс хамаараад нэг хүний нүдний даралт нь ихсээгүй байхад мэдрэл нь гэмтэж байхад, өөр нэг хүний нүдний даралт олон жилийн туршид их байсан ч мэдрэл нь гэмтэхгүй байж болно. Глаукомаг эмчлэхгүй бол харааны мэдрэл гэмтэж, улмаар харах талбай багасан даамжирсаар хараагүй болдог байна.
Глаукомаг үндсэндээ “Хаалттай өнцөгт глаукома”, “Нээлттэй өнцөгт глаукома” гэж 2 ангилдаг. Хаалттай өнцөгт глаукома нь гэнэт эхэлж, голдуу өвдөлттэй байхын зэрэгцээ хараа амархан мууддаг тул дараа дараагийн хүндрэл гарахаас өмнө өвчтөн эмчид хандаж чаддаг байна. Харин нээлттэй өнцөгт глаукома нь архаг, удаан явцтай байдаг болохоор хүмүүс өвчний илэрхий шинж тэмдэг илрэх хүртэл, хараагаа муудаж байгааг ч анзаарахгүй явсаар эмчилгээ авахад нэгэнт оройтсон байх нь бий.
Дэлхийн хэмжээнд авч үзвэл уг өвчин нь хараагүй болох шалтгаанаар тэргүүлэгч катаракт буюу болор цайх өвчний дараа 2-рт орж байна. Глаукома нь 50-иас доош насны 200 хүн тутмын нэгд тохиолдож байдаг бол 80-аас дээш насны 10 хүн тутмын 1-д тохиолддог аж. Глаукома өвчнийг хэдий чинээ эрт илрүүлж чадвал, эмийн болоод мэс заслын эмчилгээгээр өвчний явцыг сааруулж, ор мөргүй ч эмчилж болно.
Шинж тэмдэг:  Нээлттэй өнцөгт глаукома нь хамгийн түгээмэл буюу глаукомагийн нийт тохиолдлын бараг 90%-д тохиолддог байна. Энэ үед тодорхой өвчин зовиур юу ч мэдэгдэхгүй, ямар ч шинж тэмдэггүй хэдэн ч жил болж болно. Түүнийг мэдэх хамгийн гол шинж тэмдэг бол харах талбай багасч, нүдний мэдрэл гэмтэх шинж юм.
            Харин хаалттай өнцөгт глаукома нь нийт тохиолдлын 10 орчим хувьд тохиолдох бөгөөд энэ үед гэнэт нүд хүчтэй өвдөх, солонгон бүрхүүлийн тойроод цагаан зурвас үүсэх, нүд улайх, нүдний дотоод  даралт 30 мм.муб-аас их болох, дотор муухайрах, бөөлжих мөн хараа муудах, хүүхэн хараа өргөсөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
 http://www.miniih.com/miniiblog/dbm/files/230px-Acute_angle_closure_glaucoma%281%29.jpg 
Зураг 1. Баруун нүдний хаалттай өнцөгт цочмог глаукома. Хүүхэн хараа дундаж хэмжээгээр томорсон, хүүхэн харааны хариу урвал баруун нүдэнд байхгүй болсон. 
http://www.miniih.com/miniiblog/dbm/files/220px-Acute_Angle_Closure-glaucoma%282%29.jpg
Зураг 2. Эвэрлэг бүрхүүлийн захаар салст бүрхүүлийн судас өргөссөн, эвэрлэг бүрхүүл тунгалаг биш ,болж бүүдийсэн шинж тэмдэг бүхий хаалттай өнцөгт цочмог глаукома.

http://www.miniih.com/miniiblog/dbm/files/220px-Eye_disease_simulation_normal_vision.jpg
   Зураг 3 А.            
      http://www.miniih.com/miniiblog/dbm/files/220px-Eye_disease_simulation_glaucoma%281%29.jpg 
Зураг 3 Б.

Зураг 3. А зураг – Хэвийн хараатай хүнд харагдах байдал.
Б зураг – Глаукоматай хүнд харагдах байдал. Учир нь харах талбай нь багассан байна.
Шалтгаан
Глаукома үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн шалтгаан бий. Ихэнхи глаукомагийн хувьд нүдний даралт ихсэх нь хамгийн өндөр эрсдэлтэй хүчин зүйл болдог байна. Үүнээс гадна тодорхой бус ч гэлээ хэд хэдэн шалтгааныг дурдьвал:
Зөв хооллолт – витамины дутагдлын улмаас глаукома үүсдэг гэж таамаглаж байгаа ч энэ нь тийм ч тодорхой зүйл бас биш юм. Харин глаукоматай өвчтөнд каффейн нүдний даралтыг ихэсгэдэг бол жирийн буюу эрүүл хүмүүст ийм нөлөө үзүүлдэггүй байна.
Арьс өнгө – Зүүн Азийн хүн амын дунд глаукома өвчин илүүтэй тохиолддог нь тэдний нүдний урд тасалгаа өнгөцхөн байдагтай холбоотой гэнэ. Мөн Кавказын хүн амтай харьцуулахад Альяскийн Инуит омгийнхон 20-40 дахин өндөр эрсдэлтэй байдаг аж. Хүйсний хувьд авч үзвэл эмэгтэй хүний нүдний урд тасалгаа мөн л өнгөц байдагтай холбоотойгоор эрчүүдтэй харьцуулахад өвчлөх эрсдэл 3 дахин их байдаг байна.
Удамшил – Ховор тохиолддог удамшлын гаралтай нүдний эмгэгүүд глаукоматай холбоотой байх нь бий. Анхдагч нээллтэй өнцөгт глаукома нь хэд хэдэн локуст байрлах генийн мутацитай холбоотой болох нь тогтоогджээ. Гэр бүлийн хэн нэгэн нь глаукомагаар өвчилж байсан бол глаукомагаар өвчлөх эрсдэл бусдаас 6% илүү өндөр байдаг байна.
Бусад – Өөр өвчний улмаас үүссэн глаукомаг хоёрдогч глаукома гэнэ. Үүнийг үүсгэгч хүчин зүйлд стероид эмийг удаан хугацаагаар хэрэглэх (стероидын гаралтай глаукома), хүнд хэлбэрийн чихрийн шижингийн үеийн торлогийн гэмтэл болон торлогийн төвийн венийн бөглөрөл (неоваскуляр глаукома), нүдний гэмтэл, нүдний судаслаг бүрхэвчийн үрэвсэл гээд хүчин зүйлс багтана.
Оношлогоо
Глаукома өвчнийг нүдний эмчийн стандарт үзлэгээр голдуу оношлодог. Глаукомаг оношлохдоо тонометрээр нүдний даралт хэмжих, гониоскопигоор нүдний урд тасалгааны өнцөг, нүдний хэлбэр, хэмжээний өөрчлөлтийг илрүүлэх, мөн нүдний мэдрэл, илэрхий харагдах өөрчлөлт гэмтэл болоод судасжилтын байдлыг ажиглах зэргээр шинжилгээ, тандалт хийнэ. Мөн харааны талбай шалгах сорил хийдэг. Эдгээрээс гадна боловсронгуй багажийн шинжилгээнүүд болох нүдний холбоосын томограф (OCT), лазер полариметр, лазер офтальсоскопи зэргээр илрүүлнэ.
Глаукома өвчнөөс сэргийлэх зорилгоор жилд дор хаяж нэг удаа нүдний үзлэгт орж байх нь зүйтэй.
Глаукома өвчний үед авах арга хэмжээ
Орчин үед глаукома өвчний үед авч байгаа гол арга хэмжээ нь глаукома төст гэмтэл, мэдрэлийн гэмтэл зэргээс сэргийлэх, харах талбайг сайжруулах, амьдралын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэж байна. Нүдний дотоод даралт ихсэх нь глаукома өвчний голлох шалтгаан учир төрөл бүрийн эм болоод мэс заслын аргаар даралтыг бууруулах арга хэмжээг авч байгаа нь одоог хүртэл үндсэн эмчилгээ хэвээр байна.

Хачигт халдвараас сэргийлье зөвлөмж хүргэж байна.



 ЗӨВЛӨМЖ
Дэлхий дахинд  хачгаар дамжин халдварладаг нян, вирүс, эгэл биетэн, риккетсиэр үүсгэгддэг 28 төрлийн өвчин бүртгэгддэг.  Манай улсад хачигт энцефалит өвчин бүртгэгддэг байсан бол 2003 оноос хачигт боррелиоз,  2005 оноос хачигт риккетсиоз өвчнүүд шинээр  оношлогдож,  халдварт өвчний бүртгэл, мэдээлэлд оруулсан.
Хачгаар дамжих халдварын сэжигтэй 2005-2016 оны 2353 тохиолдол бүртгэгдэж 1182 (50.2%) тохиолдол нь батлагдаж 10 (0.9%) нь нас барсан байна.Энэ нь 100000 хүн амд хачгаар дамжих халдварын өвчлөл 0.74-6.3 байна. 

        72.3% (855) нь хачигт риккетсиоз      
        17.3% (205) нь хачигт энцефалит
        10.4% (122) нь хачигт боррелиоз



 











2016 оны эхний 7 сард бүртгэгдсэн тохиолдлын тоог өмнөх онууд болон мөн үетэй харьцуулсан үзүүлэлт


 







2005 оноос хойш хачгаар дамжих халдварын өвчлөл тасралтгүй нэмэгдсэн үзүүлттэй байна. 2016 оны эхний 6 сарын байдлаар хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдлын тоо өмнөх онуудын мөн үеийн дундажаас 2,7 дахин их, батлагдсан тохиолдлын тоо 2014-2015 онуудын мөн үеүдтэй ижил түвшинд бүртгэгдсэн байна.
2016 он гарсаар19 аймгийн, 96 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 579 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс: ХР-ын 385 сэжигтэй тохиолдлын 147(38.2%), ХЭ-ын 112 сэжигтэй тохиолдлын 32(28.6%), ХБ-ын 79 сэжигтэй тохиолдлын 47(59.5%) тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна. нас баралт 2 (0.8%)
Хачгаар дамжих халдвар нь улиралчлалын хувьд тархвар зүйн 5 дахь долоо хоногоос эхлэн бүртгэгдэж, 12 дахь долоо хоногоос өссөж, 13-26 дахь долоо хоног хүртэл байнгын өндөр бүртгэгдэж, 38 дахь долоо хоног хүртэл үргэлжилсэн байна. 2016 оны хувьд хачигт халдварын сэжигтэй тохиолдлын тоо 18-29 дэх долоо хоногт олон жилийн дундажаас өндөр, 30 дахь долоо хоногийн хувьд буурсан үзүүлэлттэй байна бүртгэгдсэн байна.
Хачигт энцефалитаар Сэлэнгэ, Орхон, Булган, Төв,Улаанбаатар хотын нийт 11 хүн өвчилсөн байна. Хачигт борреллиоз Завхан, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатар бүртгэгдсэнээс 20 нь Завханд байна. 0-9 насны хүүхдүүд 56% эзэлж байна.

Эрсдлийн үнэлгээ:
          Эрсдлийн түвшинг тогтооход шаардлагатай магадлалын түвшин тогтоох дундаж оноо нь 2.7, үр дагаврын түвшин тогтоох дундаж оноо нь 2.4 байж, эрсдлийн матрицаар үнэлэхэд “Дунд зэргийн эрсдэлтэй” байна.
          Одоогийн байдлаар хачигт боррелиоз, риккетсиоз өвчний улиралчлал дуусч, энцефалитийн улирлын үечлэл үргэлжилж байгаа
          Хариу арга хэмжээний чадавхи бүрдсэн
          Хүмүүсийн мэдлэг хандлага, эмнэлэгт хандалт сайжирч тохиолдлын тоо нэмэгдэж байгаа
          Орон нутагт оношлох чадавхи бүрдээгүй (оношлуурын нөөцгүй) зэргийг үндэслэн дунд зэргийн эрсдэлтэй гэж дүгнэж байна.

  1. Хачигт энцефалит өвчин
Хачигт энцефалит нь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.  
Үүсгэгч: Үүсгэгч вирус нь Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг. Манай улсад Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн Ixodes persulcatus зүйлийн хачигнаас Сибирийн дэд хэв шинж болох Васильченко, Заусаев омгийг, мөн Булган аймагт хачигт энцефалитаар өвчилсөн өвчтөнөөс Алс Дорнодын дэд хэвшинж болох  TBEV-MN-2008 омгийг тус тус ялгасан.
Тархалт: Манай улсад Ixodes persulcatus зүйлийн хачиг нь Хэнтий, Хангайн нурууны ой модтой бүс нутагт тархсан бөгөөд хачгийн тоошил, халдварын тархалт нь газар бүрт харилцан адилгүй. Судлаачид уг хачгийн халдварын тархалт манай оронд 3.4% гэж тодорхойлсон. Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачиг Ixodes persulcatus-ын 71  байгалийн голомт байдгийг эрдэмтэд тогтоосон.  
Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.
Халдвар дамжих зам: Халдвар  хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар (халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана. 
Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй
Нууц үеийн хугацаа: 7-14 хоног
Улиралчлал:  Нийт өвчлөлийн 51,9 % нь 6-8 дугаар сард  бүртгэгддэг.
Эмнэл зүйн шинж тэмдэг, хэлбэрүүд: Эмнэл зүйн хэлбэрээр халууралтын, менингитийн, менинго-энцефалитийн, голомтот энцефалитийн, менингоэнцефаломиелитийн, полирадикулит,  невритийн гэж ангилдаг. Хугацаагаар нь цочмог, ужиг, архаг, зэрэглэлээр хөнгөн, дунд зэргийн, хүнд, маш хүнд, хүндрэлээр өвөрмөц хүндрэл (архаг энцефалит, тодорхой эрхтэний саажилт, тэнэгрэл), өвөрмөц бус хүндрэл (зүрхний булчингийн шигдээс,  уушигны  хатгалгаа) гэж ангилна. Эхэндээ толгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларч, мэдрэлийн ёзоор өвдөнө. Ид үедээ 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүсч, өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болж, хүзүүний булчин суларсанаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг. Онцлог нь архагших ба үүний илрэл нь эпилепсийн уналт ба  саажилт улам гүнзгийрдэг.
Эмчилгээ: Өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.
·         Хачигт энцефалитын эсрэг иммуноглобулиныг кг жинд 0,1 мл тунгаар бодож өдөрт 2 удаа булчинд 4 хоног тарина.
·         Иодантипириныг  0.2 -аар өдөрт 3 удаа 5 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 3 өдөр, 0,1 г өдөрт 2 удаа 5 өдөр хоолны дараа  уулгана.
·         Неовир 12.5%-2.0 булчинд 48 цагийн зайтай 5 удаа тарина.  
·         Виферон-3-ыг 1 сая МЕ өдөрт 2 удаа 10 хоног тарина.  
·         Реаферон-ЕС ( интерферон  ) 500000МЕ өдөрт 2 удаа 10 хоног
·         Амоксициллин 0.5 өдөрт 3 удаа халуун хэвдээ болтол  хэрэглэнэ.
Шинж тэмдгийн эмчилгээ: Хүнд үед дархлал сэргээх, хордлого тайлах,  тархины хаван бууруулах ба цусан хангамж  сайжруулах бэлдмэлүүд ба хорт бодисыг саармагжуулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фермент эмчилгээг өргөн  хэрэглэнэ.
  1. Хачигт боррелиоз өвчин
Хачигт боррелиоз нь боррелийн төрлийн спирохетоор үүсгэгдэж, иксодын хачгаар дамжин халдварладаг, мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс, үе мөч, тулгуур эрхтэний эмгэгээр илэрдэг хурц ба архаг явцтай байгалийн голомтот халдварт өвчин юм. 1975 онд АНУ-ын Лайм хотод энэ өвчнийг анх бүртгэгдсэний дараа Лаймын өвчин гэж нэрлэх болсон.
Үүсгэгч: Spirochaeteceae-ын овгийн Borrelia төрөлд хамаардаг, агааргүйтэн нян, дотроо 3 төрөлтэй. Манай улс болон дэлхий дахинд B.garinii, B.afzelii зэргээр үүсгэгдсэн халдвар зонхилон тохиолддог. Хачигт боррелиоз, хачигт энцефалит  өвчний дамжуулагч хачиг нь адил тул газар зүйн тархалт үндсэндээ давхацдаг.
Халдвар дамжуулагч, тээгч: Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг Ixodes persulcatus, ойн хачиг Ixodes ricinus төрлийн 2 зүйлийн хачиг аль ч шатандаа өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлнэ. Чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид эдгээр хачгийн тээгч болдог.
Халдвар дамжих зам: Боррелиор халдварлагдсан хачигт хазуулахад хачгийн шүлсээр дамжин хүнд халдвар дамжина.
Өртөмхий бие: Бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй.
Нууц үеийн хугацаа:  дунджаар 14 хоног
Улиралчлал: Нийт өвчлөлийн 50,3% нь 6-8 дугаар сард  бүртгэгддэг
Эмнэл зүйн шинж тэмдгүүд: Хачигт хазуулсанаас хойш дунджаар 14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ. Эмнэл зүйн хувьд эрхтэн тогтолцооны гэмтлээр нь мэдрэлийн, арьсны, үе мөч, тулгуур эрхтэний, зүрхний хэлбэр гэж ангилдаг.
Эмчилгээ: Цочмог явцтай үед цефтриаксон 1.0.ед 12 цагаар судсанд эсвэл булчинд 7 хоног, амоксициллин0.75 өдөрт 3 удаа 7 хоног, цефтриаксон 1.0.ед 12 цагаар судсанд эсвэл булчинд 7 хоног, доксициклин 0.2 өдөрт 2 удаа 7 хоног, ужиг явцтай  үед амоксициллин 0.5 өдөрт 3 удаа 10 хоног, доксициклин 0.1 өдөрт 2 удаа 10 хоног, цефтриаксон 1.0.ед 12 цагаар судсанд эсвэл булчинд 7 хоног, доксициклин 0.1 өдөрт 2 удаа 10 хоног, архаг  явцтай хачигт боррелиозын үүсгэгчийн эсрэг эмчилгээнд цефтриаксон 2.0.ед өдөрт нэг удаа судсанд эсвэл булчинд 10 хоног, доксициклин 0.1 өдөрт 2 удаа 10 хоног тус тус эмчилнэ. Хүнд үед дархлал сэргээх, хордлого тайлах,  тархины хаван бууруулах ба цусан хангамж  сайжруулах бэлдмэлүүд ба хорт бодисыг саармагжуулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фермент эмчилгээг хэрэглэнэ.
  1. Хачигт риккетсиоз өвчин
Хачгийн толбот чичрэгийн бүлэгт багтдаг риккетсиэр үүсдэг өвчнүүдийн нэг бөгөөд өндөр халуурах (39.5-40 хэм), арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг, эсийн дотор шимэгчлэн амьдардаг rickettsia бактериар үүсгэгддэг  байгалийн голомтот  халдварт өвчин юм.  
Тархалт: Хачигт риккетсиоз нь дэлхий дахинд өргөн тархсан халдвар юм. Толбот чичрэгийн бүлэгт хамаарах хачигт риккетсиозуудын үндсэн агуулагч Dermacentor, Haemaphisalis, Ixodes, Amblyomma төрлийн хачиг нь мэрэгч, шавж идэштэн, туурайтан, ууттан, бусад сүүн тэжээлтэн, шувуудад шимэгчилдэг. Хачигт риккетсиозын халдвар нь хачгийн үе удам, хөгжлийн аль ч үе шатанд дамждагаараа тархвар судлалын холбогдолтой. Dermacentor төрлөөс D.nuttalli, D.marginatus, D.silvarum, Haemaphisalis төрлөөс H.concinna зэрэг хачгууд өргөн тархсан. ОХУ-ын Сибирь, Алс Дорнод, Казакстан, Киргизстан, БНХАУ, Монгол улсад Rickettsia sibirica зүйлээр үүсгэгдсэн риккетсиозийн байгалийн голомт тэмдэглэгдсэн.
Халдвар дамжуулагч, тээгч: Манай оронд хачигт риккетсиоз өвчний дамжуулагч нь Dermacentor nuttalli буюу бэлчээрийн хачиг юм. Мал, малын бэлчээртэй ойр дөт амьдардаг зэрлэг мэрэгчид халдварласан хачиг шимэгчлэх үед өвчний үүсгэгчийг агуулдаг бөгөөд тарвага, зурам, үхэр огдой, хадны оготно, алагдаахай зэрэг амьтад хачигт риккетсиозын үүсгэгчээр халдварладаг. 
Халдвар дамжих зам: Риккетсиэр халдварлагдсан хачигт хүн хазуулахад хачгийн шүлсээр дамжин риккетси хүний биед нэвтрэн ордог.
Өртөмхий бие: Бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй.
Нууц үеийн хугацаа: дунджаар 7-14 хоног
Улиралчлал: Нийт өвчлөлийн 50 гаруй хувь нь 4-5 дугаар саруудад бүртгэгддэг.
Эмнэл зүйн шинж тэмдэг: Халуурах, толгой өвдөх, биеэр гөвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Явцаар нь:   нийтлэг ба нийтлэг бус хэлбэр
Хугацаагаар нь:   а. цочмог   б. ужиг   в. архаг
Зэрэглэлээр нь :  хөнгөн, дунд зэргийн, хүнд  гэж ангилна.

Гол шинж тэмдэг:
1.     Хачиг хазсан хэсэгт анхдагч бүрдэл (первичный аффект) үүсэх
2.     Үрэвслийн ойролцоох тунгалагийн булчирхай  үрэвсэх (лимфаденопати)
3.     Арьсаар тууралт гарах зэрэг  үндсэн гурвал шинжээр илэрнэ.
Хачиг хазсан хэсэгт 2 мм-3см диаметр бүхий анхдагч бүрдэл  үүсэх ба гол төлөв их бие, толгой, хүзүү, мөчид дээр байрлалтай байна. Тууралт эхлээд мөчид дээр, дараа нь их бие, хүзүү, эцэстээ нүүрэн дээр гардаг. Энэ нь толбонцор, гөвдрүүт, цэгчилсэн цусархаг зэрэг олон хэлбэртэй байх ба ихэнх тохиолдолд толбот тууралтууд байдаг.  Өвчин хурц эхэлнэ. 20 хувьд  урьдал үе илэрнэ. Бага зэрэг халуурна (38-38,90С). Толгой, үе, мөч булчингаар өвдөнө. Хоолны дуршил, нойр өөрчлөгдөнө. Дотор муухай болох, бөөлжүүлэх, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрч болно. Нүүр, зөөлөн тагнай, хүүхэн хэл улайх, нүдний салст бүрхүүлд цус харвалт үүсэх шинжүүд багагүй тохиолдоно. Мөн судасны цохилтын тоо  цөөрөх, цусны даралт буурах,  хэл цайвар өнгөтэй хуурай байх, хэвлий зөөлөн, элэг, дэлүү томрох шинжүүд  илэрнэ.
Оношлогоо. Байгалийн идэвхитэй голомт ба өвчтний хачигт хазуулсан өгүүлэмж байх, эмнэлзүйн шинжүүд илрэх.
Эмчилгээ: Үүсгэгчийн эсрэг тохирох антибиотикийг хэрэглэнэ. Өвчтөн хөнгөн үед доксициллин гидрохлорид 0,1гр-аар 12 цагаар, эсвэл хлорамфеникол 0,5 гр 6 цагаар 5-7 хоног ууж хэрэглэнэ. Дунд зэргийн ба хүнд үед  цефазолин, гентамицин, пенициллин зэрэг өргөн хүрээний антибиотикуудыг булчинд ба судсанд тарьж хэрэглэнэ.
Хүнд үед дархлаа сэргээх ба интерфероны нийлэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор интерферон (реаферон, лейкинферон зэрэг) эмчилгээг булчинд тарих. Хордлого тайлах  эмчилгээнд  ихэвчлэн рингерлактат, глюкоз, натри хлорид, реамберины уусмалуудыг хэрэглэнэ. Тархины хаван бууруулах ба шээс хөөх эмчилгээ хийнэ. Тархины цусан хангамж сайжруулахад: пирацетам 50 мг /кг/ тунгаар хоногт 3 удаа судсанд тарина.
Хачигт халдвараас сэргийлэх талаар ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг :
Хүн амын дунд хийх хачигт халдвараас сэргийлэх талаарх сургалт сурталчилгаанд дараах зүйлсийг зайлшгүй хамруулна. Үүнд: 
1.     Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх
2.     Орон гэр, ажлын байр, сувилал,  зуслангийн газар, зам харгуйн ойр орчмын ой мод, цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгхэн газрын  голомтот бүсийн өвс, ургамал дээрх өлсгөлөн хачигт устгал хийх
3.     Албан ёсоор зөвшөөрөгдсөн шавж, хачиг дайжуулагч бодисын шошгон дээрх зааврын дагуу гадуур хувцас, даавуун гадаргыг шүрших (дайжуулагч бодис хэрэглэхэд хувцсан дээрх хачиг 3-5 минутын дараа хазах чадвараа алдаж хувцаснаас унадаг)
4.     Хачгийн идэвхижлийн үед өдөр тутамд биедээ хачиг орсон эсэхийг шалгах
5.     Хөдөө болон ойд явахдаа тод өнгийн урт ханцуйтай цамц, куртка, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх, ойгоос гарсны дараа өөрийн болон бусдын хувцсанд наалдсан хачгийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих
6.     Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед бэлчээрийн хачигт хазуулахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
7.     Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр 76% спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын  налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) хөвөнд шингээж ариутган цэвэр боолт хийх
8.     Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах
9.     Хачигт хазуулсан хүнд сэргийлэх зорилгоор иодантипиринийг 0,3 гр-аар өдөрт 3 удаа 2 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 2 өдөр, 0,1 грамаар өдөрт 3 удаа 5 өдөр хоолны дараа нийт 45 шахмалыг уулгах  
10.  Хүн амын дунд хачигт халдвараас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

Зөвлөмж:

  1. Харьяа хүн амын дунд бүртгэгдэж байгаа хачигт халдварын өвчлөлийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний мэдээллийн үйл явдалд суурилсан тандалтын мэдээллээр тогтмол ирүүлж байх
  2. Эмч, мэргэжилтнүүдэд хачигт халдварын оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээ, тандалтын талаар сургалт зохион байгуулах
  3. Харьяа хүн амын дунд хачгаар дамжих халдварууд түүнээс сэргийлэх, хачигт хазуулсан тохиолдолд хачгийг зөв авах талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах
  4. Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл аймгийн хачигт энцефалит, хачигт борреиозын нутагшмал тархалттай сумд, газруудад өндөр эрсдэлтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин дархлаажуулах  
  5. Анх үзлэг хийсэн эмч өвчний түүх нээхдээ, сэжиглэж буй хачигт халдварын оношийг бүрэн ОУЭМД-ийн дагуу тавих, үүсгэгчийн эсрэг бие илрүүлэх шинжилгээг заавал тодорхой бичих
  6. Стандарт оношилгоог мөрдөх- Өвчний шинж тэмдэг анх илэрсэн хугацааг бодож хачигт халдварын үүсгэгчийн эсрэг иммуноглобулин М,Ж-г ялгаж бичих (анхдагч ийлдэс), 14 хоногийн дараа өвчтөнөөс дахин цус (давтан ийлдэс) авч шинжлүүлэх шаардлагатай.
  7. Халдвартын эмнэлгүүд хачигт энцефалит өвчний хүнд болоод хүндрэлтэй хэлбрийн үед зайлшгүй шаардлагатай өвөрмөц эмчилгээ болох хачигт энцефалитийн эсрэг иммуноглобулиныг ЗӨСҮТ, хөдөө орон нутагт ЗӨСТ-үүдээс хүлээн авах тасгийн нөөц бэлэн байдалд захиалан авсан байх.

ХӨСҮТ, ЗӨСҮТ