2014 онд нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1052 гарч, 8 хүүхэд амь насаа алдаж, 1061 хүүхэд гэмтэл авчээ.
2015 оны 01 дүгээр сарын 22-ны байдлаар он гарсаар нийт 28 хүүхэд
холбогдсон зам тээврийн осол бүртгэгдсэний 2 хүүхэд нас барж 23 хүүхэд
хүнд, хөнгөн гэмтсэн байна. Насны байдлаар нь авч үзвэл сургуулийн
өмнө насны 21 хүүхэд, сургуулийн насны 7 хүүхэд байгаа бол явган зорчигч
хэлбэрээр 7 хүүхэд, тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ 20 хүүхэд
зам тээврийн осолд өртжээ.
Хүүхдүүд гэнэн томоогүй байдаг учраас зам дээр тоглох, авто машины
хурдыг зөв тооцоолж чадалгүй ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур
гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, асран хамгаалагчгүй
замын хөдөлгөөнд оролцдог, асран хамгаалагч хамт явсан ч хүүхдээ
хайхардаггүй зэрэг нь осолд өртөх эрсдлийг бий болгож байна.
Эцэг, эх, харгалзан яваа хүнтэйгээ замын хөдөлгөөнд оролцож явах үедээ
осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь томчууд бидний
хайхрамжгүй байдлаас шууд шалтгаалж байна.
Мөн түүнчлэн зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн талаас илүү
хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас
хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигч
зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс арав дахин
илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан
зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас осолд өртөх магадлалтай.
Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том
хүнтэй явах, хамгаалалтын зориулалтын хэрэгсэл (суудал, бүс, бүс
тохируулагчийг) хэрэглэж хэвших хэрэгтэй байна.
Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах
хамгийн том шалтгаан болдог. Хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух
явдал түгээмэл байдаг, энэ нь маш буруу бөгөөд хүүхдээ зориуд эрсдэл
оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд,
хамгаалалтын бүс хэрэглэн суулгах
хэрэгтэй.
Үүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч
нарын Замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлдэггүй, хариуцлагагүй,
хэнэггүй үйлдэл, соёлгүй зангаас шалтгаалан хүүхэд осолд өртөн гэмтэх,
амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэнд хандаж хэлэхэд Замын
хөдөлгөөний хууль, дүрмээ биелүүлж, хариуцлагаа дээшлүүлэх, бусдыг
хүндэтгэх хэрэгтэй байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр
дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал
хэвшүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга зааж зөвлөдөг
байх явдал чухал байна. Таны, бидний хэнийх нь ч хамгийн хайртай дотны
хүн замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдгийг ямагт санаж яваарай.
Монголчууд бид цөөхүүлээ, тэр дундаа ирээдүй болсон бяцхан үрсээ зам
тээврийн ослоор алдмааргүй, насан туршид нь тахир дутуу болгож ирээдүйг
нь гуниг, харанхуйгаар дүүргэмээргүй байна.
Энэхүү сэрэмжлүүлгээ Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчинлэн"
хийдийн хамба лам Д.Чойжамц гуайн айлдсан "Магадтай үхнэ, хэзээ ч үхэж
магадгүй, маргааш үхэл хоёрын аль нь түрүүлж ирэх вэ? гэдгийг хэн ч
магадлан шийдэж чаддаггүй учраас өөрөө л болгоомжтой байх хэрэгтэй"
гэсэн хатуу боловч үнэнийг өчсөн айлдвар үгээр төгсгөе. http://trafficpolice.gov.mn/news/content/id/704/type/33-ээс
No comments:
Post a Comment