(Иргэдэд зориулсан зөвлөмж)
Толгойн бөөс нь хүний толгойн үс, зарим тохиолдолд сахал зэрэгт шимэгчилдэг, хар бараан өнгөтэй, 2-3 мм урт биетэй, өдөрт 2-3 удаа цус сорж хооллодог. Хүний цусыг сороогүй нөхцөлд 350С хэмд 1 өдөр, 25-300С хэмд 2 өдөр, 10-200С хэмд 7 ба түүнээс дээш өдөр амьдрах чадвартай.Эрэгчин бөөс 15 орчим хоног, эмэгчин бөөс ойролцоогоор 30-35 хоног амьдардаг. Эмэгчин бөөс өдөр бүр 4 хуурс, амьдрах хугацаандаа 100 орчим хуурс гаргадаг.
Хувцасны бөөс нь хүний дотуур хувцас, цагаан хэрэглэлд ихэвчлэн амьдардаг, цайвар өнгөтэй, 4.7 мм том хэмжээтэй, хөдөлгөөнтэй. Хуурсаа гадуур, дотуур хувцас, цагаан хэрэглэлийн хуниасанд гаргадаг. Үржил, хөгжил нь 4 долоо хоног үргэлжилдэг, 48 хоног хүртэл амьдарч, эмэгчин бөөс 295 өндөг гаргадаг.
Умдагны бөөс нь хувцасны болон толгойн бөөснөөс өргөн, биеийн үсэрхэг хэсэг болох умдаг, суга, сахал, сормуусанд шимэгчлэн амьдардаг. Богино тачир үсэнд амьдрахад зохицсон, эмэгчин бөөс 1.5 мм, эрэгчин бөөс 1 мм хүртэл хэмжээтэй. Эмэгчин бөөс 50 хуурс гаргадаг, бие гүйцсэн эмэгчин бөөс 17 хоног, эрэгчин бөөс түүнээс урт хугацаанд амьдардаг. Умдагны бөөс бэлгийн замаар дамжиж, насанд хүрэгчдийг өвчлүүлдөг.
Толгойн болон хувцасны бөөс хүнээс хүнд дамжихдаа бөөстэй хүний толгойд хүрэлцэх, сам, алчуур, малгай солих, бөөстэй дэр, хөнжил, хувцас, цагаан хэрэглэл зэргээр дамжин тархаж, голчлон хүүхдүүдийг өвчлүүлдэг. Бөөстөх өвчний үед бөөс хазсан хэсэгт загатнах, хазсан ул мөр үлдэж, арьсан дээр жижиг толбо үүсэх, хүүхэд тавгүйтэх, анхаарал нь сулрах, бөөс хазсан хэсгийг хүчтэй маажсанаас халдвар орж, идээлэх, тухайн хэсэг газрын тунгалгийн булчирхай цочих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Бөөстөх өвчнөөс сэргийлэхийн тулд дараахь зүйлсийг анхаарна уу.
Үүнд:
• Хувийн ариун цэврийг сайтар сахиж, долоо хоногт 2-оос доошгүй удаа усанд орох, хувцсаа тогтмол сольж байх
• Хувцасыг угаасны дараа нугалаа, хуниас, залгаатай хэсгийг сайтар индүүдэж өмсөх
• Хүүхдийн үс, хувцасны хуниас, нугалаас зэргийг тогтмол шалгаж, толгойн бөөс дамжихаас сэргийлж, үсийг боох, сүлжих
• Толгойн үсэнд бөөс байгаа эсэхийг шалгахын тулд мөрөн дээр цагаан даавуун алчуур юмуу цаасан салфетк тавьж, үсийг самнах
• Угаагаагүй хувцас, үсний сам, малгай, алчуур, цагаан хэрэглэл, чихэвч, хүүхдийн чихмэл тоглоом зэргийг бусадтай хуваалцаж хэрэглэхгүй байх
• Бөөс нь хүйтэнд тэсвэргүй учир хөнжил, гудсыг гадаа тавьж, сайтар гүвж хэрэглэх
• Цэцэрлэгт хүүхдүүдийн үсийг самнахдаа самыг солихгүй байх, цагаан хэрэглэлийг тус тусад нь хадгалж хэрэглүүлэх
Бөөс илэрсэн тохиолдолд авах арга хэмжээ:
• Толгойн болон хувцасны бөөс нь голчлон хүүхдүүдийг өвчлүүлж, хүүхэд олноор цугларсан газарт илүүтэй дамжин тархдаг тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бөөс илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, бөөсийг устгуулах талаар заавар, зөвлөгөө авч хэрэгжүүлэх
• Цэцэрлэг болон эмнэлэг зэрэг байгууллагуудад хөнжил, гудас, орны бүтээлэг, шаардлагатай бол хувцас зэргийг перметрин, пиперонил бутоксид, малатион зэрэг бөөс устгах зориулалтын бодисоор шавьжгүйтгэх эсвэл дезкамерт хийх
• Алчуур, үсний боолт, цагаан хэрэглэл, малгай, хувцас, зөөлөн тоглоом зэрэг халуун хэмд хэв, өнгөө алдахгүй зүйлсийг буцалгаж хэрэглэх
• 1300С-аас дээш хэмд бөөс устдаг тул бөөстсөн хувцасны нугалаа, хуниас, залгаатай хэсгийг сайтар индүүдэх,
• Толгойн болон умдагны бөөсөөр өвчилсөн тохиолдолд механик аргаар шигүү самаар самнахаас гадна бөөс устгах зориулалттай перметрин, пиперонил бутоксид, малатион зэрэг бодис агуулсан шампунь, уусмал, цацлага зэргийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эдгээр шампунь, уусмал, цацлага зэргийг хэрэглэхдээ толгойн болон умдагны үсийг чийглэж, чийгтэй үсний угт түрхэж, 20 минутын орчим байлгаад бүлээн урсгал усаар угаана. Угаасны дараа үхсэн бөөс, хуурсыг шигүү самаар самнаж гадагшлуулна. Бөөсний тархсан байдал, үсний урт, богино, өтгөн зэргээс хамаарч толгойн үсэнд нэг удаад 15-20 мл шампунь зарцуулах ба угаалтыг 7-10 хоногийн дараа давтан хийх шаардлагатай. Бөөс устгах шампунийг сард 2-оос дээш удаа хэрэглэхгүй. Ихэнх шампунийг 5-аас доош насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, мөн арьсны эмгэгтэй, эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
• Бөөс устгах эмчилгээ хийлгэсний дараа угаасан цэвэр хувцас, ор хөнжлийн даавуу болон алчуур зэргийг хэрэглэнэ.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
No comments:
Post a Comment