Sunday, March 3, 2013

Эрүүл мэнд - иргэн таны оролцоо” сэдэвт эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлэг Чингэлтэй дүүрэгт боллоо

“Эрүүл мэнд - иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн иргэдийг оролцуулан ЭМЯ, дүүргийн ЗДТГ, ЭМН хамтран 3 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Чингэлтэй дүүрэг нь 19 хороо, 30 мянган өрх, 137 мянга гаруй хүн амд нийгмийн эрүүл мэнд, анхан болон хоёрдогч шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг 18 өрхийн эмнэлэг, нарийн мэргэжлийн поликлиник, салбар амбулаториуд, хэвтэн эмчлүүлэх стационариар дамжуулан хүргэж, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, НЭМГ-ын бодлого чиглэлийг баримтлан нийт 300 гаруй ажиллагасад үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хамт олон иргэдийн эрүүл орчинд амьдрах, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжиж, мэргэжлийн ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгчид ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлсээр иржээ.
Эрүүл мэндийн сайд нээлттэй хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн идэвхийг үнэлж байгаагаа илэрхийлээд, иргэдээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлд оруулах саналыг сонслоо. Тэрбээр биеэ өвдсөнийхөө дараа анхаардаг нь бидний гол дутагдал юм. Энэ хэлэлцүүлгийн зорилго нь энэхүү алдаагаа засахад оршиж байна гэв.
Иргэд хэлэхдээ урьд өмнө ингэж биечлэн бидний санал, хүсэлтийг сонсож байсан Сайд байгаагүй, иргэдийн эрүүл мэндийн төлөө тууштай тэмцэж байгаад нь талархаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.
Тэд баталгаат хоол хүнс, цагаан идээгээ түлхүү хэрэглэх, хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болох, Өрхийн эрүүл мэндийн төвд дасгал хөдөлгөөн хийх талбайтай болох, залуучуудыг чийрэгжүүлэх биеийн тамир, спортоор хичээллэх тогломын талбайтай болох, “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг үгийн тодорхойлтыг нарийвчлан гаргах, хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай, амин чухал эмүүдийг багтаах, хилээр орж ирж буй эмийн чанарт хяналт тавих, ӨЭМТ-д хэвтэн эмчлүүлэх, зарим нэр төрлийн үйлчилгээг нэмэгдүүлэх, Нэгдсэн эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг багасгаж, дарааллыг бууруулах, шүдний төвийг дүүргүүдэд байгуулах, Нийслэлд хүүхдийн эмнэлэг нэмж байгуулах, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн цахим картыг идэвхтэй ажиллуулах, гадаадад эмчлүүлэх шаардлагатай эмчилгээнд төрөөс тусламж үзүүлэх, хороодод муу усны цооногийг гаргах, гүнийн худгийн усанд эрүүл ахуйн талаас нь шинжилгээ хийх гэх мэтчилэн олон саналууд шууд болон бичгээр ирсэн юм.
Түүнчлэн эрүүл байх нь иргэн биднээс шалтгаална гэдгийг иргэд хэлж байлаа.
Сайд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого иргэдийн санал дээр үндэслэн гарсан тул үр дүнтэй байгааг цохон хэлээд, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр Олон улсад эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 15 хувийг иргэнээс авах нь хэвийн гэж үздэг, харин манай улс 40 хувьтай явж байгаа, үүнийг бид 25 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалд иргэдээр олуулдаг эмүүдийг оруулах, төлбөр өндөртэй эмнэлгийн тусламж, үйлчилгээний тодорхой хувийг даатгалаас гаргах, ӨЭМТ-өөс гэрийн эмчилгээ, өдрийн эмчилгээг тодорхой хэмжээний төлбөртэй хийдэг болох, ДЭМБ-аас тогтоосон судалгааны дагуу сард 1 иргэнд дунджаар 40-60 долларын тусламж төсвөөс ногдох нь хэвийн гэж үздэг бол, манайд энэ үзүүлэлт 20 доллар байгаа, үүнийг 40-50 долларт хүргэх зэрэг ажлуудыг хийх гэж буйгаа дуулгалаа. Түүнчлэн эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг бэлтгэгдсэн боловсон хүчин гэж хүлээн авч, дэмжин урамшуулж, хамтран ажиллахаа хэллээ.
ЧД-ийн ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат иргэд ажил хэрэг болохуйц үнэтэй саналуудыг хэлснийг онцлоод, иргэдтэй хагас жил тутамд нэг удаа хэлэлцүүлэг хийхээ хэлэв. Тэрбээр цаг зав гарган ирж үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалд болон хэлэлцүүлэгт идэвхтэй ирсэн нийт иргэддээ талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Эрчүүдийн эрүүл мэндийн өдөр” болгох тушаал гаргаж байгаагаа мэдэгдэж, харин 4 дүгээр сарыг “Эрүүл мэндийн сар” болгон ажиллахаа сонордуулав.

No comments:

Post a Comment