Monday, June 2, 2014

Вируст гепатит өвчнөөс сэргийлэх


                                                               Гепатитаас сэргийлье 
Вируст гепатит нь. элгийг сонгомлоор гэмтээдэг, хоорондоо харилцан адилгүй вирусүүдээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн (А,В,С,D,Е,G,F,TT) вирус байгааг тогтоогоод байна. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусын халдварууд зонхилон тохиолддог. 
 
Халдварын эх уурхай
Вируст гепатит өвчний шарлалттай, шарлалтгүй, балархай хэлбэрийн цочмог болон архаг өвчтэй хүн, вирус хадгалагч эрүүл хүн уг халдварын эх уурхай болно.

Халдвар хэрхэн дамжиж халдварлах вэ?
А вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг.
В,С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэснээр арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах явцад шарх, шалбархайгаар дамжин халдварлаж өвчлүүлнэ. Халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох, ойрын хавьталд байх, вирус тээгч, өвчтэй эхээс урагт халдвар дамжина.

Хэзээ хамгийн халдвартай байх вэ?
А вируст гепатитын өвчний халдвартай байх хугацаа: Нууц үеийн сүүлийн хагасаас өвчний анхны шинж тэмдэг мэдэгдэж эхлэснээс хойших эхний хэдэн өдөр хамгийн их халдвартай байна..
В вируст гепатит өвчний халдвартай байх хугацаа: Өвчний шинж тэмдэг эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө эхлэн өвчний эмнэлзүйн цочмог үеийн турш үргэлжилдэг байна.
С вируст гепатит өвчний халдвартай байх хугацаа: Өвчний шинж тэмдэг эхлэхээс долоо хоногийн өмнөөс, ихэнх өвчтөнд тодорхойгүй хугацаагаар үргэлжилдэг байна.
D вируст гепатитын өвчний халдвартай байх хугацаа: Цочмог үеийн туршид өвчтөний цус нь халдвартай байна.
Нууц үе гэдэг нь вирус хүний биед нэвтрэн орсноос хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг хэлнэ. Жишээлбэл, А вируст гепатит өвчний нууц үеийн хугацаа нь 15-50 хоног, В вируст гепатит 45-180 хоног, С вируст гепатит 14 -180 хоног байна. Нууц үеийн үргэлжлэх хугацаа нь хүний биед нэвтрэн орсон вирусын тоо хэмжээ, хоруу чанар зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.
В,С вируст гепатит өвчнөөс сэргийлэх:
  • · В вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах. Бага насны хүүхэд товлолын дагуу, товлолын наснаас дээш насныхан, насанд хүрэгсэд сайн дурын вакцинд хамрагдаж болно.
  • · Эмнэлгийн бус орчинд шаардлагагүй тариа хэрэглэх, цус сэлбүүлэхээс татгалзах
  • · Ариутгаагүй багажаар шивээс хийлгэх, чих, арьсаа цоолуулахгүй, зүү тавиулахгүй байх
  • · Эмнэлэг болон гоо сайхны үйлчилгээ хийлгэх бол ариутгасан, цэвэр багажаар танд үйлчилгээ хийж байгаа эсэхийг өөрөө хянаж, шаардлага тавьж байх
  • · Арьс, салстаа гэмтээхээс сэргийлэх, гэмтсэн тохиолдолд халдвар орохоос хамгаалах
  • · Шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • · Бэлгийн замаар халдвар авахаас сэргийлж тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч хэрэглэж хэвших
  • · Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгож, зөв дадал хэвшилтэй болгох 
  •  Түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх
  • · Ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх
  • · Хүнсийг шавьж, хортон мэрэгчээс хамгаалах
  • ·Гудамж талбайд бохир ус асгах, хог хаях, ил бие засч орчны хөрс, усыг бохирдуулахгүй байх
Вируст гепатит өвчнөөр өвчилсөн тохиолдолд яах вэ?
· Танд вируст гепатит өвчний аль нэг шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай өрхийн эмчид хандан шинжилгээ хийлгэх шаардлагатай.
· Вируст гепатит өвчний аль ч хэлбэрийн үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийх, өвчнийг үл тоомсорлох, архагшуулах нь эрүүл мэндэд хохирол, амь насанд аюул учруулж болзошгүй.
· Та өвчлөөд эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ч эмчийн зааврын дагуу хоол ундны болон хэвтэрийн дэглэм, эмчилгээний горимыг баримтлах нь зүйтэй.
· Эмнэлгээс гарах үедээ эмчлэгч эмчээс зөвлөгөө авч цаашид эмчийн хяналтад байж, бүрэн эдгэрэхэд анхаарал тавих хэрэгтэй.
· Элэгний үрэвслүүд ялангуяа В,С вирусын халдварууд зарим тохиолдолд архагших, вирус тээгч болох, алсдаа элэгний хатуурал, хавдрын урьдал шалтгаан болж болзошгүй байдгаас сэрэмжлэх нь зүйтэй.

  

ХОЛБОО БАРИХ

БЗД 4-р хороо Стандарт хэмжил зүйн газрын ард
УТАС: 70151291 99250322
e mail:
bz_eruulurh@yahoo.com   http://eruulurh.blogspot.com


No comments:

Post a Comment